“Си Эй Ти Ди” ХХК Эрдэнэт хотноо “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал-Хамтын оролцоо -2018” форумд амжилттай оролцлоо
Долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй уг форумыг ерөнхий зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэр, хамтран зохион байгуулагчаар “Оюу толгой” ХХК, Монголын Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо ТББ (МОШПА) оролцсон бөгөөд 2 өдрийн турш үргэлжлэн 160 гаруй үйлдвэр, компанийн 470 орчим төлөөлөл оролцов.
Тус компани нь форумын үеээр нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцас хэрэгсэл, мэргэжлийн арьс арчилгааний бүтээгдэхүүнээ дэлгэсэн үзэсгэлэн гаргаж чуулганы зочид төлөөлөгчдөд танилцуулга сурталчилгаа хийлээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал (ХАБ) бол ажил хөдөлмөр буцалж буй аль ч талбарт нэн тэргүүнд тавигдах асуудал билээ. Чухамхүү энэ зорилгыг эрхэмлэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт тулгамддаг бэрхшээл, шинэ боломж гарц, сайн туршлагаа харилцан солилцож, түгээх, Монгол улс олон улсын Ослыг тэглэх алсын хараа буюу Vision zero хөдөлгөөнд нэгдэх гурван багц зорилтыг хэлэлцсэн. Швед улсад замын хөдөлгөөний осол зөрчлийг арилгах зорилгоор анх хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрт өдгөө дэлхийн олон орон нэгдэж, үр дүнд хүрснийг илтгэгчид онцолж, Монгол улс эгнээнд нь нэгдэх цаг болсныг уриалав.
ХАБЭА-н цогц асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгсөн энэхүү чуулганы гол үр дүн нь уул уурхайн салбарынхан цаашид аюулгүй ажиллагааны чиглэлээр хэрхэн хамтран ажиллах, өнөөгийн ололтоо бататгах, боловсронгуй болгох бодлого хөтөлбөрөө тодорхойлсон юм. Чуулганы хуралдааны явцад дэвшүүлсэн санал санаачилгыг үндэслэн шийдвэр гаргаж, Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК болон Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо, Олон Улсын нийгмийн хамгааллын ассоциацийн Уул уурхайн салбар байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар өндөрлөсөн. Тус байгууллагууд аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчин, орон нутгийн хөгжил дэх оролцоо, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжил зэрэг бүхий л чиглэлд хамтран ажиллахаа баталгаажууллаа.
Тоо баримт: Монгол улсын уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбарт өнөөдрийн байдлаар 753 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, 22000 гаруй хүн шууд харъяалах ажил хөдөлмөр эрхэлж байна.
Улсын хэмжээнд 2016 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нийт 332 тохиолдолд бүртгэгдсэнээс уул уурхай олборлох салбарт ослын 18 хувь буюу 61 тохиолдол, 2017 онд онд 332 тохиолдолд бүртгэгдсэнээс уул уурхайн олборлох салбарт 55 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлын 288 буюу 86,7 хувь нь үйлдвэрлэлийн осол, 44 буюу 13,3 хувь нь хурц хордлого байна.