СУДАЛГАА: Хүүхдүүд 17.00-18.00 цагт тоосонцрын бохирдолд илүү өртдөгийг тогтоолоо
Мицубиши корпорацийн санхүүжилтээр Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэжээ. Судалгаагаар хүүхдүүд хоногийн турш дунджаар:
- 280 мкг/м3 PM2.5 тоосонцор,
- 301 мкг/м3 азотын давхар исэл,
- 654 мкг/м3 хүхэрлэг хийнд өртөж байжээ.
Агаар бохирдуулагч эдгээр бодисын хүний биед үзүүлэх хүлцэх хэмжээ нь 50 мкг/м3 бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Тухайлбал, хүүхдүүд хичээлдээ явахдаа дунджаар 38 минутыг зарцуулдаг бөгөөд хамгийн багадаа 69 мкг/м3, хамгийн ихдээ 8039 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 1.4-161 дахин их PM2.5 тоосонцрын бохирдолд өртөж байгаа аж.
Ингэхдээ оройн 17.00-18.00 цагт хүлцэх хэмжээнээс хамгийн их буюу 11 дахин их агаарын бохирдолд өртөж байгааг тогтоосон байна.
Харин тоосонцрын хувьд хүлцэх хэмжээнээс 1.4, хамгийн ихдээ 115 дахин тоосонцроор амьсгалж байгаа аж.
Тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог бөгөөд амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэж, амьсгалын замын архаг өвчнийг сэдрээдэг байна. Иймд та бүхэн өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд өөрөөс хамаарах бүх арга хэмжээг авч, хамгийн наад зах нь утааны улиралд амны хаалт зүүж хэвшигтүн.
Хэрэглэгч таны сонголтонд тус болох Агаарын бохирдлын хэмжээнд тохируулан амны хаалтыг сонгож хэрэглэх тухай мэдээлэлтэй уншиж танилцаарай.
Эх сурвалж: Gogo News