“Хүүхэд ба Утаа” төсөл Толгойт дахь 80 дугаар цэцэрлэгт хэрэгжиж эхэллээ

“Хүүхэд ба Утаа” төсөл Толгойт дахь 80 дугаар цэцэрлэгт хэрэгжиж эхэллээ

Агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс бид хүүхдүүдээ хамгаалах боломжтой. Харин яаж? гэдгийг Австралид төгсөгч 5 залуу  “Хүүхэд ба Утаа” нэртэй төсөл санаачлан, хэрэгжүүлсэнээр харуулах гэж байна.

Тэд харьцангуй өртөг багатай боловч үр дүнгээ өгөх цогц арга хэмжээг бодит жишээн дээр харуулах зорилгоор уг төслөө СХД-ийн Толгойт хорооллын 80-р цэцэрлэг дээр хэрэгжүүлэхээр болсон байна.  Энэхүү төслийн үр шимийг нийт 370 гаруй 2-5 насны хүүхэд, 500 орчим эцэг эх, багш ажилтнууд хүртэх аж.

Цогц арга хэмжээнд дараах үйл ажиллагаа орж байна:

Цэцэрлэгийн анги танхимын доторх агаарын чанарыг сайжруулах зорилгоор 7 давхар шүүлтүүр бүхий өндөр үр ашигтай агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулах, агаарын чанар, нарийн тоосонцрын хэмжээг тогтмол хянах

  1.  Стандартад нийцсэн, бага насны хүүхдэд зориулсан, ХЕПА шүүлтүүр бүхий амны хаалт нийлүүлэх
  2.  Дархлааны тогтолцоог дэмжих зорилгоор олон төрөлт бичил тэжээл нийлүүлэх
  3. Хорт утаанаас хүүхдээ болон өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаарх мэдлэг мэдээлэл олгох сургалтыг эцэг эхчүүдэд зориулж зохион байгуулах зэрэг ажил орж байна.

“Хүүхэд ба Утаа” төслийн нийт өртөг 50 сая төгрөг бөгөөд олон нийтээс хандив босгож хэрэгжүүлэх гэнэ.

Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд хамгийн их агаарын бохирдолтой эхний 10 хотын нэг юм. Нийслэл хотын иргэдийн нас баралтын 10 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалдаг гэсэн судалгаа байна. Харин хүүхэд бол агаарын бохирдлын сөрөг нөлөөлөлд хамгийн ихээр өртдөг. 2015 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс болж 4 хүртэлх насны 435 хүүхэд нас барсан гэсэн статистикийг НҮБ ын Хүүхдийн Сан гаргасан юм.  Энэ мэт сөрөг тоон үзүүлэлт  “Хүүхэд ба Утаа” төслийг хэрэгжүүлснээр буурна гэсэн итгэл төслийн багийнханд байна.

Эх сурвалж: www.onlinetv.mn болон Хүүхэд ба утаа / Smog and kids фэйсбүүк хуудас

Тус компани уг төсөлд 3М брэндийн маск нийлүүлж хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Төслийн хамт олны бяцхан үрсийн эрүүл мэндийг хамгаалах буянтай үйлст нь амжилт хүсье.